“Холидэй Инн” болон “Рамада” зочид буудлууд од зэрэглэлийн батламжаа гардан авлаа

Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр, Холидэй Инн зочид буудал таван одны, Рамада зочид буудал дөрвөн одны зэрэглэлийг хангаж, батламжаа гардан авлаа. Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комисс буюу Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам тэргүүтэй Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Зочид буудлын холбоо, Стандарт Хэмжил Зүйн Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зэрэг байгууллагуудын шийдвэрээр ийнхүү тус хоёр зочид буудлын одны зэрэглэлийг олгож байгаа юм.

“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудлын тухай

Дэлхий даяар 5500 сүлжээ зочид буудалтай “Интерконтинентал Хотелс Групп” 2016 онд 100 дахь оронд салбараа нээсэн нь Монгол улс болсон юм. Их Британид төвтэй тус группийн шинэ салбар тийнхүү их хотын өндөр дэнж дээр өнгө үзэмж нэмснээр тухайн ондоо Аялал жуулчлалын салбарын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байв. Тэгвэл энэ удаад, Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр таван одны зэрэглэлийг хангаж, батламжаа гардан авлаа.

Рамада зочид буудлын тухай

Рамада зочид буудал Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн хамгийн анхны олон улсын сүлжээ зочид буудал болж, 2011 онд үүд хаалгаа нээсэн юм. АНУ-д төвтэй, 64 жилийн түүхтэй Wyndham группийн 7689 зочид буудлын нэг болсноор тус хамт олон зочлох үйлчилгээг шинэ түвшинд гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулан бүтээн байгуулалт, үйлчилгээгээ улам сайжруулсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published.