Максчуудын нэг өдөр: Санхүүгийн Газар

Санхүүчид өөрсдийн төлөвлөгөөт хугацаанаас гадна улсаас тогтоосон цаг хугацаанд баригдаж ажилладгаараа онцлогтой. НӨАТ, санхүү, татвар зэрэг сар бүрийн тайлангуудын зэрэгцээ тэд яг одоо ирэх 5 жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, хөрөнгө оруулалтын төслүүд дээр төвлөрөн ажиллаж байна. “Макс Импэкс”-ийн Бүтээмжийн баг энэ удаадсанхүүчдийн нэг өдөр, ажлын арга барилтай та бүхнийг танилцуулж байна.

Танай албаныхны ажлын онцлох арга барил юу вэ?

Санхүүгийн газар нь Төлөвлөлт, Санхүүгийн удирдлага болон Бүртгэл, Санхүүгийн хяналтын гэсэн 2 албатай бөгөөд дараахь чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

ТСУА нь:
– Санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт
– Санхүүгийн шинжилгээ, удирдлага
– Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тооцоолол, шинжилгээ
– Санхүүжилт, хөрөнгийн удирдлага

БСХА нь:
– Санхүүгийн бүртгэл, хяналт
– Тайлан тэнцэл, санхүүгийн мэдээлэл
– Хөрөнгийн хадгалалт, хамгаалалт
– Татвар, даатгалын удирдлага
– Санхүүгийн баримтын бүрдэл

Бидний ажлын онцлог нь цагийн юмыг цагт нь гэдэг зарчмаар илэрхийлэгддэг. Учир нь санхүүгийн тайлан мэдээ, бусад ажлууд бүгд бидний хувийн календараас гадна улсаас тогтоосон цаг хугацааг давхар төлөвлөх шаардлагатай байдаг онцлогтой. Жишээ нь: НӨАТ-ын тайланг сар бүрийн 10-ны дотор тушаасан байх, Санхүү болон татварын тайланг дараа улирлын 10-нд багтаан тайлагнасан байх гэх мэт.

Та бүхний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ямар ч завгүй байсаар өнгөрдөг. Иймээс мэдээлэл солилцоог хурдасгах, аль болох нэг дор олон ажил амжуулах тал дээр анхаарч ажилладаг. Орой ажил тарахад тухайн өдөр төлөвлөсөн ажлуудаа хийж дууссан эсэхээ шалгаснаар ажлын нэг өдрийг үддэг дээ.

Яг одоо төвлөрөн ажиллаж буй томоохон ажлынхаа талаар хуваалцахгүй юу?

Манай багийн хувьд дараахь ажлууд дээр төвлөрч байна. Үүнд:
– 2019-2023 оны бизнес төлөвлөгөө, төсөв
– Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслүүд
– Улирал, жилийн тайлан
– Хөндлөнгийн аудит
– ERP төсөл
Ер нь Санхүүгийн газрынхны ажил тодорхой циклтэйгээр давтагддаг ба хувь хүн бүрээс өндөр хариуцлага шаардаж байдгаараа онцлогтой.

Хийх ажлын жагсаалтыг юун дээр хөтөлж , удирддаг вэ?

Санхүүгийн багийн төлөвлөгөөг сар, улирал, жилээр төлөвлөдөг ба үүнийг хэрэгжүүлэх явцыг бүх ажилтнууд өөрийн төлөвлөгөөндөө тусгаж ажилладаг. Ажлын гүйцэтгэлийг 7 хоног бүр багаараа ярилцаж цаашдын алхмуудаа тодорхойлдог.
Санхүүч нар тэмдэглэлийн дэвтэр, Outlook, Excel программыг ажлын төлөвлөгөө, графиктаа өргөн бас тогтмол ашигладаг.

Цаг хэмнэх, илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?

Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт, мэдээж эмх цэгц. Санхүүгийн багийн хувьд Группийн хэмжээнд хэрэгжиж байгаа 5С хөтөлбөрийг баримтын бүрдэл, архивжуулалт, мэдээллийн урсгал, мэдээлэл солилцоондоо нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл “байх ёстой юм байх газраа”, “цагийн юм цагтаа” гэдэг уриатайгаар нэг ажлыг дахин хийхгүйгээр бүрэн хийх, тухайн мэдээллийг хаанаас ямар хэлбэрээр авах нь тодорхой байх зэрэг юм.

Танай ажиллаж буй ажил болоод салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ ?

Санхүүч хүний компьютерын дэлгэцэнд тухайн байгууллагын өнгөрсөн, одоо, ирээдүй тооны хэлээр тодорхой харагдаж байдаг нь манай мэргэжлийн сайхан тал нь, үүгээрээ ч бусад салбараас онцлогтой. Өөрөөр хэлбэл бизнесийн бүрэн зураглалыг харна гэсэн үг юм. Аливаа компанийн амжилт санхүүгийн тоон мэдээлэл, шинжилгээ, тайлангаас шууд хамаардаг бөгөөд түүний “луужин” нь болж явдаг нь бидний бахархал юм.
Бэрхшээлтэй тал нь бусдаас хамааралтай ажлууд дээр цаг алдах, илүү цагаар ажиллах гэх мэт байдаг ч бэрхшээл гэж харалгүйгээр бас бусдад буруу өгөхгүй ажиллахыг хичээдэг билээ.

Та хийж буй ажлынхаа юугаар илүү их бахардаг вэ?

Ц.Баярсайхан: Өргөн хүрээний мэдлэг, хурдтай шийдвэр гаргалт, хөрвөх чадвараараа бахархдаг.

Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?

Д.Тунгалаг: Эерэг (Positive)

Ирээдүйд таны хийж бүтээхээр зорьж буй зүйл?

Д.Мягмарбат: Төлөвлөлт, Санхүүгийн удирдлагын албыг ахалж байгаа хүний хувьд Группийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өсөлтийг хангахаар зорьж ажиллаж байна.
Үүнийгээ хэрэгжүүлэх эхний алхам бол Санхүүчдийн багийг нэгдсэн нэг зорилготой болгох, Санхүүгийн төлөвлөлт, удирдлагыг жилээр биш 3-5 жилээр урт хугацаанд харж хэрэгжүүлэх системийг болгох нь миний ойрын зорилго болоод байна.

Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

С.Шижиртуяа: Ажлын бус цагаар найз нөхөдтэйгөө уулзах, аялах, агаарт байх ном унших дуртай.
Гэхдээ өдрийн ихэнх цагийг компьютерын ард өнгөрөөдөг болохоор аль болох цаасан ном уншдаг болоод байгаа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

М.Отгонсүрэн: Аливаа зүйлд тайван хандахыг хичээж байхыг надад маш сайн сургасан.

Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал ?

Б.Уянга: Анх Макс Импэкс компанидаа 2015 оны 1-р сарын 5-нд буюу шинэ оны ажлын эхний өдөр ажлын гараагаа эхэлж байсан нь миний хувьд шинэ бүхний эхлэл байсан.
Макс Импэксийнхээ эрч хүчтэй чадварлаг хамт олны дунд орж маш их зүйлийг суралцаж, хамтдаа хөгжиж байгаадаа баяртай байдаг.

Ярилцсанд баярлалаа