Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ТЕННИСЧИД ИЖ БҮРЭН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Энэ өдөр манай улсын теннисний хөгжилд чухал хөрөнгө оруулалт болох үйл явдал болж өнгөрлөө.  "Макс" групп 230 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн иж бүрэн талбайг Монголын Теннисний холбоонд хүлээлгэн өгсөн юм.

"Хан-Уул" дүүргийн Морин тойруулганд байрлалтай уг талбай нь 200 хүний суудалтай бөгөөд гэрэлтүүлэг, хиймэл зүлэг зэргийг дэлхийн стандартад нийцүүлэн цогцоор нь шийдсэнээр Монголдоо анхдагч болж байна.

Теннисний холбооны дасгалжуулагч, менежер Р.Эрдэнэбат:  

“Тамирчид маань 7 хоногт 4-5 удаа тогтмол бэлтгэл хийх шаардлагатай байдаг ч зориулалтын талбай дутагдалтай байлаа. Өнөөдөр бид 3 корт бүхий иж бүрэн талбайг хүлээн авснаар, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, байнгын үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Тамирчдын маань амжилтын үндэс болсон хамгийн чухал асуудлыг шийдэж өгсөн Макс группийн хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Мөн тэрээр,  газрын теннисийг сонирхож хичээллэх хүсэлтэй хүн бүрт шинэ талбай нээлттэй гэдгийг дуулгасан.

Нээлтийн үеэр "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар шинэ талбайн анхны бөмбөгийг тоглолтонд оруулсан юм. Тэрээр тамирчиддаа амжилт хүсч,  талбайн теннисний спортоор тив дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарч,  Монгол улсынхаа нэрийг олимпын наадам, нээлттэй тэмцээнүүдэд дуурсгах цаг тун ойрхон байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

 

"Макс" группийн хувьд,  нийгмийн хариуцлагын  хүрээнд Газрын теннисний баг тамирчидтай сүүлийн 6 жил хамтран ажиллаж, олон талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Дархан-Уул, Говь-Алтай аймгуудад баригдсан теннисний талбайд хөрөнгө оруулалт хийж, жил бүр уламжлал болсон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсаар ирсэн юм.

Илүү сайхан Монголын төлөө, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч  МАКС ГРУПП